loader image
Skip links

“Бүрэн Скор ЗМС” ХХК үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

Монгол Улсад хэрэгжиж буй Зээлийн мэдээллийн үйлчилгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах, олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай, хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор “Бүрэн Скор ЗМС” ХХК нь 2020 оны 6-р сарын 17-ны өдөр байгуулагдлаа.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн эрчмийг хангагч гол хүчин зүйлийн нэг бол зах зээлийн мэдээллийн тэгш, хүртээмжтэй байдал бөгөөд санхүүгийн мэдээлэл зохих ёсоор ил тод, нээлттэй байх нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, бодит үнэ тогтох, эрсдэлийг зөв үнэлэх гол хүчин зүйл болсоор ирсэн. Нөгөөтэйгүүр,  дэлхийн аль ч улсын эдийн засгийн гол салбар болох санхүүгийн зах зээлийн институцүүд нь макро түвшинд эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, микро түвшиндээ ашиг өгөөж өгдөг, тусгайлан бэлтгэгдсэн, тасралтгүй ажиллагаат, мэргэжлийн баг бүхий бизнесийн байгууллагууд байдаг. Эдгээр үр ашигтай институцийн нэг нь Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага өгөөд “Бүрэн Скор ЗМС” ХХК нь энэ талбарт албан ёсоор үйл ажиллагаа эрхлэхээр үйл ажиллагагаа эхлүүлээд байна.

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх эрхзүйн үндэс:

Монгол Улсад зээлийн мэдээллийн харилцаа нь 2012 оноос өмнө хууль эрх зүйн тодорхой зохицуулалтгүй байсныг УИХ 2011 оны 10-р сарын 20-ны өдөр баталсан “Зээлийн мэдээллийн тухай хууль”-аар цэгцэлж, ийм үйлчилгээ эрхлэгч байгууллага хараат бус, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байхаар хуульчилсан болно.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 10-р сарын 23-ны өдрийн А-264 дүгээр тушаалаар баталсан “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”, УИХ-ын 2020 оны 8-р сарын 28-ны “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын дагуу хувийн хэвшилд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг нарийвчлан зохицуулсан.

Уг хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Монголбанкнаас “Тусгай зөвшөөрөл” авч үйл ажиллагаа явуулсан туршлага (хуулийн 28-р зүйлд заасан, Монголбанкны ЗМС-г эс тооцвол) одоогоор байхгүй бөгөөд тус зах зээл ѳѳрийн “тоглогчдоо” хүлээсээр байна.

Зээлийн мэдээллийн үйлчилгээний эдийн засагт гүйцэтгэх үүрэг

Манай улс арилжааны банкны зээлийн хүүгийн түвшнээр дэлхийн хөгжиж буй орнуудын дотор эхний тавд багтаж байгаагаас гадна чанаргүй зээлийн хэмжээ жилээс жилд өсч, 10%-ийн босгыг давжээ. Энэ нь зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, чанаргүй зээлийн хэмжээг багасгах, зээлийн харилцаанд орж буй субъектүүдийг хариуцлагажуулах, бусад сорилт бэрхшээлүүдийг гэтлэн давахад чухал үүрэгтэй зээлийн мэдээллийн үйлчилгээ нийгэмд улам эрэлттэй болж буйг илтгэж байна.

Монголбанкнаас олгох тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгч нь оновчтой арга, стандарт, орчин үеийн техник технологийн шийдэл нэвтрүүлэн, мэргэжлийн хүний нөөцтэй, тогтвортой бизнес загвартай байх учиртай.

Мэдээлэл нийлүүлэгч, үйлчлүүлэгч зэрэг оролцогч бүх талын тасралтгүй хамтын ажиллагаа, уялдаа холбоог үр ашигтай байдлаар зохион байгуулж, тус бизнесийн үйл ажиллагаа чанартай байх нь банк, санхүүгийн салбар болоод эдийн засагт нэн чухал хэрэгцээтэй гэдэг нь олон улсын туршлагаас харагдаж байна.

Зээлийн мэдээллийн үйлчилгээний эдийн засагт гүйцэтгэх үүргийг дараах байдлаар томьёолсон байдаг. Үүнд:

  • Зээлийн мэдээллийн хүртээмж, тэнцвэртэй байдлыг дээшлүүлэх, эрсдлийн үнэлгээг сайжруулах;
  • Эдийн засгийг тэлэхэд төлбөрийн чадвартай зээлдэгчдийг зѳв тодорхойлон, зээлийн санхүүжилт-мөнгөний нийлүүлэлтийг өсгөх;
  • Бүх төрлийн зээл олгогч байгууллагын хяналт, зээлийн мониторингийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн боловсролыг тогтмол нэмэгдүүлэх;
  • Санхүүгийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэл сайжрах;
  • Зээлийн эргэн тѳлѳлтийг сайжруулах, эрсдлийг бууруулах, улмаар зээлийн үйл ажиллагаатай холбоотой зардал, зээлийн хүүг бууруулах нѳхцөлийг бүрдүүлэх;
  • Хуримтлагдсан өгөгдлийн сан дээр төрөл бүрийн статистик судалгаа хийснээр тѳр, хувийн хэвшлийн түвшинд оновчтой бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг болох бөгөөд макро эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө.