Өндөр зээлийн оноотой байхыг хүсвэл дараах 3 үйлдлийг хэзээ ч гаргаж болохгүй. Хэт их зээл авах, эсвэл ерөөсөө зээл авахгүй байх, зээлээ хоцроож төлөх. Хэтэрхий ойлгомжтой байна уу? Гэтэл та өөрөө ч мэдэхгүй эдгээр алдааг гаргасан байдаг бол яах вэ?

Хэт их зээл авна гэж юуг хэлэх вэ?

Хамгийн чухал нь таны сарын зээлийн төлөлт сарын орлогын 40%-иас хэтэрч болохгүй. Энэхүү шаардлагыг биелүүлсэн ч хэт олон жижиг зээл авах нь оноонд нөлөөлдөг. Их гэдэг нь олон гэдэг утгыг агуулах боломжтой юм. Мөн та ямар нэгэн зээлийн хамтран зээлдэгчээр орсон юм биш биз? Хэрэв тийм бол таныг их зээлтэй гэж үзэх нөхцөл бүрдэх боломжтой юм. Тэгэхээр ганцхан өр орлогын харьцааг 40%-иас хэтрүүлэхгүй байх нь хангалттай биш билээ.

Зээл авч үзээгүй бол…

Зарим зээлийн онооны систем зээл авч үзээгүй хүнд оноог нь тооцоолж гаргаж чаддаггүй гээд л бод. Тэгэхээр зээл авч байсан туршлага зээлийн оноонд хэр жинтэй нөлөөлдгийг ойлгох болов уу. Зээл авна гэдэг нь зээлийн мөн чанар, утга учрыг ойлгож буйг илэрхийлж буй хэрэг. За тэгээд зээлийг зөв хэмжээгээр авч, тогтмол төлөлтөө цагт төлөөд, хугацаанд хааж чадаж буйгаа харуулчих юм бол оноо дээшээ пуужиндах нь гарцаагүй юм.

Зээлээ хоцроож төлөх…

Таны нэг удаагийн буруу үйлдэл зээлийн оноонд тань 6 жил нөлөө үзүүлэх хүчтэй байдаг гэдгийг мэдэх үү? Түүнчлэн зээлийн төлөлтийг 2 долоо хоногоос дээш хэтрүүлж эхэлбэл таны оноо буурч, зээл олгогч байгууллагууд танд итгэл алдаж эхлэхээс гадна зарим зээлийн хувьд нэмэлт хүү төлөх тохиолдолд ч үүсдэг. Оноо буурна гэдэг нь шинэ авахад зээлийн хүүг өндөр болгохоос гадна одоо төлөх хүү нэмэгдэх гэх мэтээр үргүй зардлыг ар араасаа авчирна. Хар дарсан зүүд л гэсэн үг.

Хэрэв та дээрх алдааг гаргачихсан байна гээд амаа бариад сууж байгаа бол авч болох ойрын болон холын арга чаргаас хуваалцъя.

  • Орлогын хэмжээгээ ихэсгэх. Гэхдээ хүслээр болдог амархан зүйл бас биш. Мэдээж орлогоо ихэсгэж чадвал маш сайн.
  • Мэдээллээ шинэчлэх. Та өөрийн зээлийн оноогоо тогтмол нягталж, өөрийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгахаас гадна, хаяг өөрчлөгдөх зэргээр оноонд эергээр нөлөөлөх мэдээллээ шинэчилж оноогоо өсгөх боломжтой. Алдаатай мэдээллээс болж оноо тань унасан байх эрсдэл бас бий.
  • Олон жижиг зээлүүдийг хаах. Нэг том зээл авч олон зээлүүдээ нэг дор хаах. Ялангуяа өндөр хүүтэй зээлийн апп зээлээс бага хүүтэй цалингийн зээл нь танд ашигтай. Хэрэв боломж байвал бага хүүтэй зээлээр өндөр хүүтэй олон жижиг зээлийг хаах.
  • Автомат төлөлт үүсгэх. Та зээлээ төлөхөө мартах гээд байдаг бол автоматаар төлөлт хийгдэх тохиргоо хийх боломжтой эсэхийг банкнаас лавлаад үзэхэд буруудахгүй байх.

Ийнхүү зээлийн оноогоо өсгөж чадвал та бага хүүтэй зээл, өндөр дүнтэй зээл авах боломж бүрдэхээс гадна хариуцлагатай, итгэл даах нэгэн хэмээх нэр хүндийг авах эрин үе эхэлж буй билээ. Зарим улсад ажил ороход хүртэл зээлийн оноог нь хардаг гээд бод. Манайд ч ийм болохыг үгүйсгэхгүй.