Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын иргэдийн санхүүгийн боловсрол, тэр дундаа зээлийн эрүүл мэндийг төлөвшүүлэх зорилготой санаачилгыг эхлүүлж байна. Энэхүү аянд  сагсан бөмбөгийн дээд лигийн хамгийн залуу баг болох “МОНГОЛИАНС КЛУБ НҮТББ” сагсан бөмбөгийн баг нэгдэн, спортоор дамжуулан олон нийтэд зөв мэдээлэл түгээхэд хамтран ажиллахаар боллоо. 

Бид Монгол Улсын иргэдийн зээлийн мэдээллийг боловсруулж, санхүүгийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг байгууллагын хувьд зөвхөн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэн бүрт санхүүгийн боловсрол олгох, зээлийн зөв хэрэглээг төлөвшүүлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг. Нийгэмд “зээлийн ухаалаг хэрэглээ”, “санхүүгийн эрүүл дадал” зэрэг ойлголтыг түгээх нь иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх, улс орны эдийн засгийн тогтвортой байдлын үндэс болдог гэдэгт бид итгэдэг. 

Энэхүү итгэл үнэмшлээ илүү олон хүнд хүргэхийн тулд бид спортын салбарын залуусын нөлөө, тамирчдын эерэг үлгэр жишээг ашиглан мэдээллээ хүргэх шинэ аргачлалыг сонголоо. Ийнхүү “МОНГОЛИАНС КЛУБ НҮТББ” сагсан бөмбөгийн багтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу багийн тамирчид: 

  • Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийн үеэр санхүүгийн зөв дадлын тухай мессеж түгээх 
  • Зээлийн онооны ач холбогдлыг ойлгуулах 
  • Хариуцлагатай зээлдэгчийн зөв хэв маяг, зөв шийдвэр гаргах дадлыг сурталчлах 

зэрэг олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 

Бидний үндсэн зорилго бол иргэн бүр өөрийн зээлийн түүхийг зөв удирдаж, санхүүгийн ирээдүйгээ хариуцлагатайгаар төлөвлөх боломжтой болох юм. Цаашид өрхийн санхүү удирдлага, хариуцлагатай хэрэглээ, зээлийн эрүүл мэндээ хамгаалах аргачлал зэрэг онцгой ач холбогдолтой мэдлэгийг олон нийтэд бодитой, ойлгомжтой байдлаар хүргэх болно. 

Энэхүү санаачилгыг зөвхөн нэг удаагийн үйл ажиллагаа бус, урт хугацааны нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн нэг хэсэг болгон хэрэгжүүлж байна.