Зээлийн хэт ачааллаас чөлөөлөгдөх нь
Өр зээл гэдэг яг л салж өгдөггүй экс шиг, ур ухаан л гаргахгүй бол таны амьдралаас зууралдаастай. Гэхдээ бодит байдалтайгаа нүүр тулж, амьдралаа цэгцлэх боломж нь бидний гарт байдаг.

Баян айлын өв залгамжлагч аль эсвэл дуусашгүй хөрөнгөтэй эхнэр нөхөргүй л бол зээл гэдэг этгээдийн зан чанар, онцлогийг ойлгохоос өөр сонголт үгүй гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Зээл гэдэг ойлгомжгүй этгээдийн зан ааш, онцлогийг мэдэж авъя:
- Зан чанар: Хэрэгтэй үед чинь туслахад үргэлж бэлэн байдаг ч хариуг нь барих үүргээс зугтах боломжгүй.
- Онцлог: Яг таг. Чи зээлээ төлөхөө мартаж болох ч зээл хэзээ ч чамайг мартахгүй.
- Давуу тал: Ухаалаг ашиглавал байр, машин, бизнестэй болгоно.
- Сул тал: Хэтрүүлж авбал байр, машин, бизнесээ зарахад хүргэнэ.

Эндээс харахад зээл бол ашигтай ч юм шиг ашиггүй ч юм шиг толгой эргүүлсэн хэвээр л.
Сургалтын төлбөр, ипотек, бизнесийн зээл танд ирээдүйд орлого авчирдаг бол, хэрэглээний зээл, одоо аваад дараа төл, автомашины зээл танд хүүгийн төлбөр өрийн дарамтаас өөр юу ч авчрахгүй. Амьдралын чанараа сайжруулах нэрийдлээр авч буй эдгээр зээлүүд яг үнэндээ таны сэтгэлийг барж, санхүүгийн эрх чөлөөнөөс чинь хулгайлж байдаг.

Одоо арай ойлгомжтой болж эхэлж байна уу?
Өөртөө дүгнэлт хийцгээе
Та одоогоор ямар ямар төрлийн зээлтэй байна вэ? Үр өгөөжгүй зээл авдаг уу? Тийм бол тэдгээр зээлүүдээ яг одоо цэгцэлье. Дээр дурдсанчлан бага дүнтэй, өндөр хүүтэй гэмгүй царайтай хэрэглээний зээлүүдээс эхлээд салъя. Доорх аргуудаас танд тохирох арга байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
- Жижиг зээлүүдийг том зээлээр дарах: Гэмгүй мэт боловч ирээдүйн боломжийг тань хойш татаж буй сарын 2% ба түүнээс дээш хүүтэй зээлийг банкны бага хүүтэй цалингийн юм уу, хөрөнгө барьцаалсан зээл авч нэг дор бүгдийг ул мөргүй газрын хөрснөөс арчих.
- Өндөр хүүтэйгээс бага хүүтэй рүү: Зээл авсан дүн бус хүүгийн хэмжээнд ач холбогдол өгч сурах. Танаас гарч буй зардал бол хүү болохоос зээл өөрөө биш. Зардал өндөртэй найз охиноос салж байгаа гэж бодоод, өндөр хүүтэй зээлүүдээ эхлээд хаах.
- Жижгээс том руу: Хамгийн жижиг зээлүүдээ өөрийн боломжоороо төлж, зээлийн эргэн төлөлтийг зуршил болгох. Зээл хаах мэдрэмжээс таашаал авдаг болох ч юм бил үү.
- Өдөр тутмын тансаглалд баяртай гэж хэлэх: Зээл авахгүй байгаа ч зээл авахад хүргэдэг зуршил тань юу вэ? Өглөөний кофе, үдшийн пиво, тав тухаа бодоод таксидах гэх мэт зуршлууд таныг зээл авахад хүргээд байгаа юм биш биз?
- Зээлийн карт, апп-уудыг цэгцлэх: Өгье гэсэн болгоноос авах нь өөрийн гэсэн бодолгүй төлөвшөөгүй хүний гаргадаг зан шүү дээ. Тэгэхээр зээлийн карт, зээлийн апп зэрэг нэг л байхад хангалттай бус уу?

Зээл танд баяр баясгалан, баян тансаг байдлыг авчирч болох ч тун нь хэтэрвэл толгойны өвчин болон хувирдаг. Ухаалаг хандаж чадвал энэ бүх өр, дарамт, стресс нэг л өдөр ард үлдэж, оронд нь таны амьдралд дараах үр дүнг авчирна:
Сахилга бат. Санхүүгийн ухаалаг хэрэглээ. Бүрэн төлөгдсөн зээлийн мэдрэмж. Мөн хамгийн чухал нь, САЙН ЗЭЭЛИЙН ТҮҮХ.

Өнөөдөр бидний авч буй шийдвэрүүд маргаашийн зээлийн оноонд шууд нөлөөлдөг. Харилцагч банкнууд, түрээслүүлэгчид, хөрөнгө оруулагчид гээд олон талын итгэлийг олох чухал суурь нь болдог зүйл бол таны зээлийн түүх гэдгийг мартаж болохгүй.
Өрийн дарамтаасаа салж чадсан хүн гэдэг зөвхөн санхүүгийн эрх чөлөөтэй болдоггүй. Тэр хүн мөн сэтгэлийн тайвшрал, ирээдүйд илүү ухаалаг санхүүгийн шийдвэр гаргах чадвартай болдог. Тиймээс өнөөдрөөс эхлээд "өр зээлийн боол" биш, "өр зээлийн эзэн" болоорой.

