“Бүрэн Скор ЗМС” ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001:2013 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажилладаг бөгөөд үүнийг дэлхийн 55 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага болох Энэтхэг улсын SIS Certifications Pvt. Ltd-ий төлөөлөгч Дижитал Информэйшн ХХК аудит хийж, баталгаажууллаа.

Гүйцэтгэх захирал Б.Жавхлан: “Манай компани мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажилладгаа баталгаажуулж ISO 27001 сертификат авснаа та бүхэнд хуваалцахдаа таатай байна. Энэхүү сертификат нь бид харилцагчийнхаа хувийн нууц болон мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг, хариуцлага, харилцагчдаа өгсөн амлалтын маань баталгаа юм.

Бид үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал үүнтэй холбоотой гарч болох эрсдэлийг маш нухацтай авч үздэг. Иймдээ ч ISO 27001 гэрчилгээ авсан нь мэдээллийн аюулгүй байдлын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ зорьж байгааг илтгэж буй чухал амжилт гэж үзэж байна.
Цаашид бид орчин үеийн технологид хөрөнгө оруулалт хийж, ажилчдадаа сургаж, кибер орчин дахь аюулгүй байдлын өндөр стандартыг хангаж, шинэ шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлсээр байх болно.” гэв.

Бүрэн скор ЗМС ХХК нь 2021 оноос эхлэн жил бүр МТ-ийн засаглалын COBIT 5.0 тогтолцоонд суурилсан мэдээллийн технологийн аудит хийлгэж байна.

COBIT (Control Objective for information and Related Technologies) нь Мэдээллийн Систем Хяналт Үнэлгээний Нийгэмлэг (“ISACA Informataion Systems Audit and Control Association)-ээс гаргасан байгууллагын мэдээллийн технологийн засаглал болон менежментийн загвар тогтолцоо юм.

1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хууль нь хувь хүн нууцаа өөрөө хамгаалах, хувийн мэдээллийг өөрөө нууц гэж тодорхойлох маш ерөнхий зохицуулалттай хууль тул хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед зайлшгүй шинэчлэн батлах шаардлага бий болсон.

Иймээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020 – 2021 оны үйл ажиллагааны хөтөлбөр” – ийн “Засаглалын бодлого” –ийн 4.1.2-т “Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх”, 4.1.6-д “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангасан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, чадавхийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл батлагдсан бөгөөд иргэний санхүүгийн мэдээллийг хэрхэн зохицуулах нь үүнд багтаж байгаа юм. Уг хууль 2022 оны 5-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

Хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд хуулийн зорилт нь хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Онцлог зохицуулалтын хүрээнд:

  1. Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетикийн, эрүүл мэндийн мэдээлэл зэрэгт юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг нарийвчлан бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлсон.
  2. Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгаж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийн нууцлалыг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгасан.
  3. Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл өгдөг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн.
  4. Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эдэлж болох эрх, хүлээх үүргийг тогтоож, тухайн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах талаар оруулсан.
  5. Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийн талаар тусгасан. Мэдээлэл хариуцагч болон түүний үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа боловсруулагчийн хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар аюулгүй байдлын арга хэмжээ авах, мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдэгдэл, илэрсэн зөрчлийг мэдэгдэх талаар оруулсан.
  6. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгосон.
  7. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болохыг тус тус тусгажээ.

Хуулийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын давлагаа салбар бүрд бүтээлч түйвээлтийг хийж байна. Ялангуяа Монголын санхүүгийн салбар, тэр дундаа хувийн хэвшлийнхэн энэ хувьсгалын үр шимийг өөрсдөө хүртээд зогсохгүй хүртээмжтэй, хурдтай, тунгалаг, ухаалаг экосистемийг бүрдүүлж, энэ хэрээр хэрэглэгчдийн авдаг санхүүгийн үйлчилгээний өртөг, үйлчлүүлэх хугацааг алхам тутамд бууруулж чадаж байна. Монголд мэндэлсэн олон финтек, цахим үйлчилгээний араас хамгийн анхны зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн Бүрэн Скор компанид Монголбанкнаас олгожээ. Зээлийн мэдээллийн үйлчилгээ сайн байвал тухайн орны зээлийн эрсдэл багасаж улмаар зээлийн хүү буурдаг билээ.

“Зээлийн мэдээллийн тухай хууль” болон “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах мэргэжил, ёс зүй, технологи ба хуулийн стандарт, үйл ажиллагаа явуулах бусад бүх шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10-р сарын 07 өдрийн A-254 тоот тушаалаар энэхүү зөвшөөрлийг анх удаа хувийн хэвшилд олгож байгаа нь төрийн тодорхой чиг үүрэг үзүүлдэг үйлчилгээг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх замаар нийгэм, эдийн засгийн салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, санхүүгийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх тухай төрөөс баримтлах бодлого амжилттай хэрэгжиж эхэлсний илрэл гэж хэлж болно.

Бүрэн Скор Зээлийн Мэдээллийн Сан ХХК нь салбартаа арвин туршлагатай, өндөр мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн багийг бүрдүүлсэн бөгөөд олон улсын дэвшилтэт техник, технологи, аргачлал, стандартын дагуу цахим орчин, программ хангамжид тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний финтек компани юм. Бид цаашид салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, иргэд, аж ахуй нэгж, банк, санхүүгийн байгууллагуудад зээлийн оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай зээлийн мэдээллийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг (Credit score) илүү ухаалаг, хялбараар хүргэхээр зорин ажиллаж байна.

“Бүрэн скор ЗМС” ХХК нь 2021 оны 10-р сарын 7-ны өдөр Монголбанкнаас “зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл”-г авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, зээлийн мэдээлэл, зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох чиглэлээр 240 гаруй Санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласан байна. Тус компанийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх бүх шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 10-р сарын 09-ны өдрийн А-187 тоот тушаалаар “Зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг 5 жилээр сунгаж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ гардан авлаа.

Монгол Улсад хэрэгжиж буй Зээлийн мэдээллийн үйлчилгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах, олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай, хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор “Бүрэн Скор ЗМС” ХХК нь 2020 оны 6-р сарын 17-ны өдөр байгуулагдлаа.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн эрчмийг хангагч гол хүчин зүйлийн нэг бол зах зээлийн мэдээллийн тэгш, хүртээмжтэй байдал бөгөөд санхүүгийн мэдээлэл зохих ёсоор ил тод, нээлттэй байх нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, бодит үнэ тогтох, эрсдэлийг зөв үнэлэх гол хүчин зүйл болсоор ирсэн. Нөгөөтэйгүүр, дэлхийн аль ч улсын эдийн засгийн гол салбар болох санхүүгийн зах зээлийн институцүүд нь макро түвшинд эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, микро түвшиндээ ашиг өгөөж өгдөг, тусгайлан бэлтгэгдсэн, тасралтгүй ажиллагаат, мэргэжлийн баг бүхий бизнесийн байгууллагууд байдаг. Эдгээр үр ашигтай институцийн нэг нь Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага өгөөд “Бүрэн Скор ЗМС” ХХК нь энэ талбарт албан ёсоор үйл ажиллагаа эрхлэхээр үйл ажиллагагаа эхлүүлээд байна.

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх эрхзүйн үндэс

Монгол Улсад зээлийн мэдээллийн харилцаа нь 2012 оноос өмнө хууль эрх зүйн тодорхой зохицуулалтгүй байсныг УИХ 2011 оны 10-р сарын 20-ны өдөр баталсан “Зээлийн мэдээллийн тухай хууль”-аар цэгцэлж, ийм үйлчилгээ эрхлэгч байгууллага хараат бус, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байхаар хуульчилсан болно.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 10-р сарын 23-ны өдрийн А-264 дүгээр тушаалаар баталсан “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”, УИХ-ын 2020 оны 8-р сарын 28-ны “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын дагуу хувийн хэвшилд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг нарийвчлан зохицуулсан.
Уг хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Монголбанкнаас “Тусгай зөвшөөрөл” авч үйл ажиллагаа явуулсан туршлага (хуулийн 28-р зүйлд заасан, Монголбанкны ЗМС-г эс тооцвол) одоогоор байхгүй бөгөөд тус зах зээл ѳѳрийн “тоглогчдоо” хүлээсээр байна.

Зээлийн мэдээллийн үйлчилгээний эдийн засагт гүйцэтгэх үүрэг

Манай улс арилжааны банкны зээлийн хүүгийн түвшнээр дэлхийн хөгжиж буй орнуудын дотор эхний тавд багтаж байгаагаас гадна чанаргүй зээлийн хэмжээ жилээс жилд өсч, 10%-ийн босгыг давжээ. Энэ нь зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, чанаргүй зээлийн хэмжээг багасгах, зээлийн харилцаанд орж буй субъектүүдийг хариуцлагажуулах, бусад сорилт бэрхшээлүүдийг гэтлэн давахад чухал үүрэгтэй зээлийн мэдээллийн үйлчилгээ нийгэмд улам эрэлттэй болж буйг илтгэж байна.


Монголбанкнаас олгох тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгч нь оновчтой арга, стандарт, орчин үеийн техник технологийн шийдэл нэвтрүүлэн, мэргэжлийн хүний нөөцтэй, тогтвортой бизнес загвартай байх учиртай.


Мэдээлэл нийлүүлэгч, үйлчлүүлэгч зэрэг оролцогч бүх талын тасралтгүй хамтын ажиллагаа, уялдаа холбоог үр ашигтай байдлаар зохион байгуулж, тус бизнесийн үйл ажиллагаа чанартай байх нь банк, санхүүгийн салбар болоод эдийн засагт нэн чухал хэрэгцээтэй гэдэг нь олон улсын туршлагаас харагдаж байна.

Зээлийн мэдээллийн үйлчилгээний эдийн засагт гүйцэтгэх үүргийг дараах байдлаар томьёолсон байдаг. Үүнд: