Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд итгэлцэл, төлбөрийн сахилга бат, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготойгоор "Бүрэн скор ЗМС" ХХК болон RE/MAX HUB компаниуд стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь түрээсийн үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ, зээлжих зэрэглэл, төлбөрийн мэдээлэл солилцоо, ногоон үнэлгээ зэрэг олон чиглэлээр хамтарч үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ үеийг эхлүүлж байна.
Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд

1. Түрээсийн үйлчилгээнд Бүрэн Оноог нэвтрүүлнэ
RE/MAX HUB-ийн түрээсийн үйлчилгээ авч буй харилцагчийн түрээсийн төлбөр төлөлтийн сахилга бат, санхүүгийн найдвартай байдлыг БүрэнОнооны системээр үнэлнэ. Энэ нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт түрээсийн эрсдэлийг бууруулж, итгэлцэлд суурилсан харилцааг бий болгох чухал алхам юм.
2. Өр, төлбөрийн мэдээлэл нийлүүлэлт
RE/MAX HUB нь сахилга батгүй, найдваргүй түрээслэгчийн түрээсийн өр, CӨХ-ийн өр төлбөрийг "Бүрэн скор ЗМС" ХХК-д нийлүүлж улмаар түрээсийн онооны системийн суурь мэдээллийн эко-системийг бүрдүүлэхэд хамтран ажиллана.
Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогч талуудын төлбөрийн сахилга батын түүх илүү бодит, үнэн зөвөөр бүртгэгдэж, түрээслэгчийн хариуцлагатай байдлыг үнэлэхэд хялбар болох юм.
3. Үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээ
Хамтын ажиллагааны хүрээнд талууд үл хөдлөх хөрөнгийн үнэн зөв, бодит үнэлгээ гаргах шинэ аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллана. Энэ үнэлгээ нь дараах мэдээлэлд тулгуурлана:
- Борлогдсон үнэ ба үнийн хэлбэлзлийн мэдээлэл
- Үл хөдлөх хөрөнгийн сөрөг мэдээлэл (өр, гомдол, шүүхийн маргаан, барилгын чанар гэх мэт)
- Ногоон зээлийн шалгуурт нийцсэн үнэлгээ, тухайлбал дулаан алдагдал бууруулсан байдал, эрчим хүчний хэмнэлт
- Хөрөнгийн байршил, барилгын чанар, дэд бүтцийн хөгжил зэрэг динамик өгөгдөлд суурилсан мэдээлэл
Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийг илүү үнэн зөв бүрэн мэдээлэлд суурилсан байдлаар тодорхойлох боломжийг харилцагчдадаа олгох юм.
Хамтын ажиллагааны ач холбогдол
Энэхүү хамтын ажиллагаа нь үл хөдлөх хөрөнгийн салбарт дараах шинэ үнэ цэнийг авчирна:
- БүрэнОноонд шилжсэнээр санхүүгийн итгэлцэлд суурилсан түрээсийн үйлчилгээний стандарт олон улсын төвшинд хүрнэ
- Ил тод, үнэн бодит мэдээлэлд тулгуурласан хөрөнгийн үнэлгээ, зээл, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг дэмжинэ
- Хувийн секторын байгууллагуудын хоорондын мэдээллийн интеграц, өгөгдөл солилцоог шинэ шатанд гаргана
- “Ногоон зээл” болон “тогтвортой хөгжлийн” хөтөлбөрүүдийг дэмжиж, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг олон нийтэд танилцуулна

Байгууллагуудын тухай
RE/MAX HUB — Дэлхийд танигдсан RE/MAX брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, түрээс, борлуулалт, үнэлгээний цогц үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.
