1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хууль нь хувь хүн нууцаа өөрөө хамгаалах, хувийн мэдээллийг өөрөө нууц гэж тодорхойлох маш ерөнхий зохицуулалттай хууль тул хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед зайлшгүй шинэчлэн батлах шаардлага бий болсон.
Иймээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020 – 2021 оны үйл ажиллагааны хөтөлбөр” – ийн “Засаглалын бодлого” –ийн 4.1.2-т “Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх”, 4.1.6-д “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангасан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, чадавхийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл батлагдсан бөгөөд иргэний санхүүгийн мэдээллийг хэрхэн зохицуулах нь үүнд багтаж байгаа юм. Уг хууль 2022 оны 5-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.
Хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд хуулийн зорилт нь хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Онцлог зохицуулалтын хүрээнд:
- Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетикийн, эрүүл мэндийн мэдээлэл зэрэгт юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг нарийвчлан бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлсон.
- Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгаж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийн нууцлалыг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгасан.
- Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл өгдөг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн.
- Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эдэлж болох эрх, хүлээх үүргийг тогтоож, тухайн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах талаар оруулсан.
- Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийн талаар тусгасан. Мэдээлэл хариуцагч болон түүний үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа боловсруулагчийн хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар аюулгүй байдлын арга хэмжээ авах, мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдэгдэл, илэрсэн зөрчлийг мэдэгдэх талаар оруулсан.
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгосон.
- Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болохыг тус тус тусгажээ.
Хуулийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Эх сурвалж: https://advocate.mn/news/119/single/1564